Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ /1992-2016/

2016-11-29


Аймгийн ИТХ 1992 -2016 он хүртэл сонгогдсон Төлөөлөгчдийн зургийг хүндэтгэлийн самбарт байршууллаа. 1992 оноос хойш 7 удаагийн сонгууль явагдаж 7 удаа иргэдийн Төлөөлөгчдийн хурал байгуулагдаж байжээ. Аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө ард иргэдийн итгэлийг хүлээн сонгогдон ажиллаж байсан ахмад үеийнхнээ бид мартах учиргүй.
                                                                                      ДОРНОД АЙМГИЙН ИРГЭДИЙН 

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

/1992-1996 он/

Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдаж, УИХ-аас “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 1992 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаар тогтоол гаргаж, Орон нутгийн хурлыг шинэчлэн байгуулах, Засаг дарга нарыг томилох ажлыг 1992 оны 9 дүгээр сард зохион байгуулахаар заажээ. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоог бий болгох зарим арга хэмжээний тухай” Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1992 оны 9 дүгээр сарын 3 ны өдрийн 59 дүгээр тогтоолоор сумдад Засаг захиргааны анхан шатны нэгж болох 80 багийг байгуулж, Баяндун сум 5, Баянтүмэн сум 4, Булган сум 4, Гурванзагал сум 3, Дашбалбар сум 6, Матад сум 5, Халхгол сум 5, Сэргэлэн сум 5, Цагаан-Овоо сум 6, Баян-уул сум 6, Хөлөнбуйр сум 3, Чойбалсан сум 4, Сүмбэр сум 7, Чулуунхороот сум 5, Чойбалсан хот 12 байхаар баталж,сумдын Ардын хурлын Тэргүүлэгчид, гүйцэтгэх захиргааны дарга нарт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоог бий болгох үүрэг өгч, сумдад багуудын Иргэдийн Нийтийн хурлыг хуралдуулах, Багийн Засаг дарга нар  болон  сумын Иргэдийн төлөөлөгчдийн нэр дэвшүүлэх ажлыг 1992 оны 9 дүгээр сарын 18- ны  дотор, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг 1992 оны 9 дүгээр сарын 22-ны дотор зохион байгуулж, сумын Иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх, сумын засаг даргад нэр дэвшүүлэх, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн нэр дэвшүүлж сонгох үүрэг чиглэл өгч байжээ.  

Орон нутгийн хурлын сонгууль явуулах тухай тусгайлсан хууль гараагүй  бөгөөд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуульд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага” гэсэн нэг бүлэг, удирдлагын тогтолцоо хурал, түүнийг байгуулах гэсэн бүлэг шинээр нэмж оруулжээ.

Ингээд шинэчлэгдэн батлагдсан хуулийн дагуу Дорнод аймагт орон нутгийн багийн Иргэдийн хурлыг байгуулж, Багийн Засаг дарга нарын нэрийг дэвшүүлэх, сумын Иргэдийн хурлын төлөөлөгчдөд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа 1992 оны 9 дүгээр сарын 18-ны дотор дуусчээ.Засаг захиргааны анхан шатны нэгж 80 багийн  Иргэдийн нийтийн Хурлын даргаа сонгож, тус бүрдээ багийн Засаг даргад нэр дэвшүүлэн, баг бүрээс сумын Иргэдийн хуралд төлөөлөгчдийн  нэр дэвшүүлсэн байна.

ДОРНОД АЙМГИЙН ИРГЭДИЙН 

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

/2004-2008 он/



Монгол Улсын Yндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг хуульчлан зааж өгсөн.  Монгол Улсын хэмжээнд 2004 онд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 690 суудал, сум дүүргийн хэмжээгээр 6720 суудалд нэр дэвшсэн. 

  Түүхээс харахад 1996 онд орон нутгийн сонгуульд МАХН ялалт байгуулан улмаар Ерөнхийлөгчийн мөн их хурлын сонгуульд ялсан. 2000 онд ч гэсэн орон нутгийн сонгуульд МАХН ялж дараа дараагийн сонгуульд багагүй амжилт олсон байдаг.

2004 онд аймаг, нийслэлийн хэмжээнд МАХН нийт 690 суудлаас 444 буюу 64.35 хувийг авсан бол Эвслийн нэр дэвшигчид 179 суудал буюу 25.94 хувьд хүрчээ. 

Анхдугаар хуралдаан 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 09:13 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 100 хувийн ирцтэйгээр эхлэв.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр хуралдсан анхдугаар хуралдааныг Хурлын дарга Б.Өлзийбаян нээж үг хэлэв. 

Б.Өлзийбаян хэлсэн үгэндээ өмнөх 4 жил нь “Төрөө хямралаас гаргах, түмнээ ядуурлаас аврах” үндсэн зорилгоо амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагаанб хувьд үр бүтээлтэй, улс төрийн хувьд тогтвортой байж, иргэд сонгогчдынхоо “захиа даалгавар”-ыг амжилттай хэрэгжүүлснээ цохон тэмдэглэжээ.

Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргад МАХН-ын удирдах зөвлөл, намын хорооны Тэргүүлэгчид, гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн Б.Өлзийбаяны /9 дүгээр тойрог/ нэрийг дэвшүүлсэнээ “зарлав”.

Эх орон-ардчилал эвслээс Тэргүүлэгчдийн даргад нэр дэвшүүлээгүй бөгөөд Төлөөлөгч Д.Шинэбаяр олон жилийн тогтсон “дэгийг эвдэж” аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 дугаар зүйлд заасны дагуу өөрийн нэрээ Хурлын Тэргүүлэгчдийн даргад дэвшүүлэн олныг гайхшруулсан байна.

Санал хураалтын дүнг тооллогын комисс танилцуулахад 30 саналын хуудаснаас хүчинтэй 30 хуудас гарч, нэр дэвшигч Ц.Шинэбаяр 16, Б.Өлзийбаян 14 хүний саналыг тус тус авч “заалнаас нэр дэвшигч “ ялалт байгуулсан гайхамшигтай үйл явдал болсон билээ.


ДОРНОД АЙМГИЙН ИРГЭДИЙН 

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

/2008-2012/


Монгол Улсын “Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль”-ийн дагуу Дорнод аймгийн ИТХ-ыг сонгох сонгууль 2008 оны 10 дугаар сарын 12-нд явагджээ. Орон нутгийн сонгуулийн нэрсийн жагсаалтанд аймгийн хэмжээнд 39959 хүн бичигдсэнээс 25157 хүн санал өгч 63 хувьтай санал хураалтад оролцсон байна. Хамгийн олон сонгогч санал өгсөн сум Чулуунхороот сум нийт сонгогчдын 80.6 хувь, хамгийн бага нь Чойбалсан сум нийт сонгогчдын 54.5 хувь тус тус санал өгчээ.

Аймгийн ИТХ-д нийтдээ 68 нэр дэвшигч оролцсон ба үүнээс МАХН-аас 30, АН-аас 28, ИЗН-аас 3, бие даагч 7 тус тус өрсөлдсөнөөс МАХН-аас 18, АН-аас 10, бие даагч 3 хүн аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогджээ. Дээрх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг авч үзвэл 25-30 насны 7, 31-35 насны 2, 36-40 насны 3, 41-50 насны 16, 51 дээш насны 3 байгаагийн 2 нь эмэгтэй төлөөлөгч байна. Хамгийн ахмад нь 53 настай Я.Насандэлгэр байсан бол хамгийн залуу төлөөлөгчөөр бие даан нэр дэвшигч М.Бас-Эрдэнэ сонгогдсон байна. 

Аймгийн ИТХ-ын даргаар Н.Хүрэлбаатарыг сонгож, Тэргүүлэгчдэд Ч.Гантөмөр, Л.Хишигтогтох, Р.Зоригтбаатар, С.Итгэл, С.Ганбат, Х.Болорчулуун, Г.Чинбат, Б.Хүрэлсүх, Г.Болдбаатар,М.Бадамсүрэн нарыг сонгожээ. 



ДОРНОД АЙМГИЙН ИРГЭДИЙН 

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

/2012-2016 он/


Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зургаа дахь удаагийн сонгууль шинэ Үндсэн хуулийн дагуу олонхийн болон хувь тэнцүүлсэн тогтолцоог хослуулан холимог системээр явагдаж, сонгуулийн саналын дүнг автомат машинаар /хар машин / тоолж, шинэ технологи хэрэглэсэн сонгууль болсон билээ.

Сонгуульд 3 нам, 1 эвсэл оролцох тухайгаа мэдэгдэж аймгийн сонгуулийн 23 тойрогт 35 мандатын төлөө 4 субъектын 94 нэр дэвшигч өрсөлдөхөөс Монгол Ардын намаас -35, Ардчилсан намаас -35, Иргэний зориг Ногоон намаас 6, бие дааж 18 хүн нэрээ дэвшүүлсэн байв. 


Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зургаа дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааныг 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Чойбалсан хотод хуралдуулахаар тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор баталсан.

Анхдугаар хуралдаан тогтсон цагтаа эхэлсэн бөгөөд хуралдааныг нээж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Хүрэлбаатар үг хэлэв. 

 Н.Хүрэлбаатар хэлсэн үгэндээ 2008-2012 оны Хурлын бүрэн эрхийн хугацаанд бид аймаг орон нутгийн өмнө тулгамдсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд цаашид хамтран хийж бүтээх ажил их байгаа тухай онцлон тэмдэглэв.

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Анхдугаар хуралдааныг насаар хамгийн ахмад болох төлөөлөгч Б.Өлзийбаян удирдаж, хуралдаанаар хэлэлцэх асуудал болон хуралдааны дотоод журмыг танилцуулав. Анхдугаар хуралдаанаар:

Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зургаадахь удаагийн сонгуулийн үр дүнгийн тухай аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Бат-Өлзий,

Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай

Хуралдааны дэг батлах тухай, 

Зохион байгуулалтын асуудал буюу Хурлын дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр тогтов.

Аймгийн Сонгуулийн хорооны тогтоол, сонгогдсонд тооцогдсон төлөөлөгчдийн нэрсийг уншиж танилцуулснаар  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдааны 01 тоот тогтоолоор сонгогчдын олонхийн саналыг авсан дээрх нэр бүхий 35 төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байна.

Монгол Улсын түүхэнд анх удаагаа хувь тэнцүүлсэн тогтолцоог сонгуульд хэрэглэснээр аймгийн хуралд нэр бүхий 12 төлөөлөгч “намын жагсаалт”-аар сонгогдсон төлөөлөгчдийн нэг бол Рэнцэнхүүгийн Зоригтбаатар байлаа. Аймгийн хурлын Монгол Ардын намын бүлгээс Хурлын даргад Р.Зоригтбаатарыг, Ардчилсан намаас Г.Болдбаатарыг тус тус нэр дэвшүүлэв. ИЗНН-аас хурлын даргад нэр дэвшүүлсэнгүй. 

Хурлын даргад нэр дэвшигчийг тодруулах санал хураалт явагдаж, тоологын комисс дүнгээ танилцуулахад төлөөлөгч Р.Зоригтбаатар олонхийн  буюу 51.4 хувийн санал авсан байна. Ингээд тооллогын комиссын тогтоолыг нийт төлөөлөгчдийн 94.2 хувийн саналаар баталж,  хурлын даргаар Р.Зоригтбаатар сонгогдов.
















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%