Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН 5 ДУГААР ХУРАЛДААНААР 2017 ОНЫ ЗОРИЛТОО ТОДОРХОЙЛЖ, ТӨСВИЙГ БАТАЛЛАА

2016-12-02

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 5 дугаар хуралдаан өнөөдөр /2016.12.02/ болж, ирвэл зохих 31 Төлөөлөгчөөс 29 Төлөөлөгч оролцож  93,5 хувийн ирцтэйгээр Хуралдаан эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанд сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, аймгийн Аудитын газрын дарга, агентлагийн дарга нар, аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар оролцлоо.

Хуралдааныг нээж, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат: Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтоо дэвшүүлж, тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэн бие даан шийдвэрлэх хуулиар хүлээсэн онцгой бүрэн эрхтэй.Энэхүү эрхээ хэрэгжүүлэхээс гадна Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т заасан нөхцөл байдал бий болж цаг хугацааны хувьд тулгамдаж байгаа 2016 оны төсвийн гүйцэтгэл болон төсөвт тодотгол хийх асуудлыг мөн хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай боллоо. Иймээс аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах нь бидний эрхэм зорилт юм гэв.

Хуралдаанаар “Аймгийн 2016 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл 2016 оны төсөвт тодотгол хийх тухай”, ”Аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх зорилт, төсвийн төслийн тухай”, “Аймгийн Аудитын газраас 2016 оны төсвийн тодотгол, 2017 оны төсвийн төсөлд өгөх санал”, “Өмч төсөв, санхүү эдийн засаг, гадаад бодлогын хяналтын хорооны дүгнэлт” зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм. 

Хуралдаанд “Аймгийн 2016 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл 2016 оны төсөвт тодотгол хийх тухай”, ”Аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх зорилт, төсвийн төслийн тухай”  аймгийн Засаг дарга С.Насанбат илтгэсэн юм.Хуралдааны дотоод журмын дагуу хэлэлцэж буй асуудлын талаар Төлөөлөгчид асуулт асууж, санал гаргасан бөгөөд Дархан сумын гэр хорооллын багуудын зам, гэрэлтүүлгийг сайжруулах, Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг өргөжүүлж чанаржуулах, цэцэрлэг сургуулийн тоог нэмэх зэрэг асуудлаар саналаа хэлж байлаа. Төлөөлөгчдийн асуултад аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтэс агентлагийн удирдлагууд холбогдох мэдээллүүдийг өгсөн ба аймгийн Засаг дарга С.Насанбат: Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед ОНХСан болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орж ирж буй санхүүжилт нь өмнөх жилүүдээс харьцангуй бага байгаа учир орон нутгийн төсвийн зохистой тэнцвэрийг хангах, зарлагын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн зарцуулалтыг  оновчтой зөв зохион байгуулах нь зүйтэй хэмээн онцоллоо.Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 5 дугаар хуралдаанаар аймгийн 2016 оны аймгийн тодотгосон төсвийн орлогыг 18079.7 сая төгрөг, улсын төсвөөс аймгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг 1742.9, зарлагыг 19335.7 сая төгрөг, аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1079.9 сая төгрөг, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 592.9 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн санг 4108.2 сая төгрөг, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 32,121.5 сая төгрөгөөр тус тус баталлаа.

Мөн 2017 оны аймгийн төсвийн орлогыг 170778.7 сая төгрөг, Зарлагыг 16273.4 сая төгрөг, аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого 305.2 сая төгрөг, сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1077.6 сая төгрөг, Сумаас аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 577.6 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн санг 671.1 сая төгрөг, Сумдаас улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 33060.2 сая төгрөөр тус тус батлуулахаар санал оруулсныг хэлэлцээд Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%