Дархан сумын Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Цагдаагийн газраас санаачлан 2 дахь жилдээ “Халуун хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус арга хэмжээнд орц, хонгил, дулааны худагт амьдарч байгаа иргэд хамрагддаг бөгөөд тэднийгбүртгэлжүүлэх, нийгэмшүүлэхэд гол зорилго нь оршиж байгаа ажээ. Мөн эдгээр иргэдийг нийгэмшүүлэхээс гадна “Сэтгэлийн ариун дэм” ТББ-тай хамтран 3-н сарын хугацаанд түр хоноглох байраар хангах аж.
Дархан сумын хэмжээнд зорилтот бүлгийн 60 гаруй иргэд байдаг байна. Эдгээр иргэдийг цуглуулж усанд оруулж хувцаслахын зэрэгцээ эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулж үсийг нь засан халуун хоолоор дайлдаг. Өнгөрсөн жилийн тухайд 30 гаруй иргэд “Халуун хоол” хөтөлбөрт хамрагдан түр ажлын байраар хангагдаж өрхийн амьжиргаагаа дээшлүүлж чаджээ. Энэхүү арга хэмжээг зохион явуулснаар орц, хонгил, дулааны худагт амьдарч байгаа иргэдийн нэгдсэн судалгааг гаргаж бүртгэлжүүлэн баримт бичиг, орон гэр, ажлын байр, газар гээд тулгамдаж байгаа асуудлыг нь тодорхойлж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион явуулдгаараа ач холбогдолтой. Төрийн болон төрийн байгууллагын тусламж дэмжлэгтэйгээр орц, хонгил, дулааны худагт амьдарч байгаа иргэд амьдрах итгэл үнэмшилтэй болж цаашид амьдралаа дээшлүүлэх эрч хүчийг энэхүү арга хэмжээнд оролцсоноороо олж авдаг гэдгийг эдгээр иргэд хэлж байсан юм. 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү “Халуун хоол” хөтөлбөрийн хүрээнд өнөө жил нийтдээ зорилтот бүлгийн 30 гаруй иргэд 3-н сарын хугацаанд түр хоноглох байртай боллоо.