Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

С.Жамъянхорол: “Эгшиглэнт чимээ”-гийнхэн ирэх дөрөвдүгээр сард тоглолтоо хийнэ

2016-12-14

Сүүлийн хоёр жилийн турш монголчуудын анхаарлыг хамгийн ихээр татсан нэвтрүүлэг бол яах аргагүй “Авъяаслаг монголчууд” шоу байлаа. Тус шоуны хоёр дох удаагийн буюу хамгийн сүүлчийн ялагчаар ирээдүйтэй дуучин О.Энх-Эрдэнэ тодорч 100 сая төгрөгийн эзэн болсон. Харин өнгөрсөн жилийн ялагчаар “Эгшиглэнт чимээ” хамтлаг тодорсныг та бүхэн тодхон санаж байгаа байх. "Эгшиглэнт чимээ" хамтлаг нь хөгжмийн зэмсэггүйгээр мод, чулуу, төмөр, шил, барилгын материал ашиглан авиа гарган хослуулж хүүхдийн дуу, монгол ардын хөгжим, сонгодог аясыг чадварлаг амилуулан нэг багшийн дор 35 ертөнц нэгдэн нэгэн цогц болж Монголчуудын хайрыг татаж тэмцээний ялагч болж чадсан билээ. Хамтлагийн багш С.Жамъяанхорол нь насаараа хөгжим бүжгийн багш хийсэн хүн бөгөөд тэрбээр 40 гаруй төрлийн 400 гаруй хөгтэй хөгжмийн зэмсгийг өөрөө хийж урласан. Түүний энэ их хөдөлмөрийн үр дүнд шавь нар гайхалтай хөгжимчид болж хүмүүжиж байгааг Монголчууд ам нэгтэйгээр шагшина магтаж байсан цаг саяхан.

Гэхдээ шоунд ялж, 100 сая төгрөгийн эзэд болсноосоо хойш олны өмнө ил гараагүй "Эгшиглэнт чимээ" хамтлагийнхныг монголчууд үгүйлж байна. Тиймээс гайхамшигтай хөдөлмөр зүтгэл, гайхалтай түүхийн эзэн болсон С.Жамъянхорол багштай ярилцлаа.

-Та болон таны шавь нар өнгөрсөн жилийн өдийд “Авьяаслаг монголчууд” шоуны ялагчаар тодорч байсан. Тэр сайхан цаг мөчийг эргэн дурсвал?

-Маш их баярлаж байсан. Одоо бодоход өчигдөрхөн болоод өнгөрсөн мэт тодхон санагдаж байна. Телевиз үзэгчдэд бидний хөгжим таалагдаж, үндэсний ялагчаар тодорч байсан тэр сайхан цаг мөчийг дахин дурсахад таатай байна. Биднийг амжилт гаргахад тусалж дэмжсэн бүх хүнд дахиад баярлалаа гэж хэлмээр байна.

-Шоунд оролцсон үеэ эргээд дурсахад таны олж авсан хамгийн чухал зүйл юу байна вэ?

-Энэ шоуны гол зорилго нь монгол түмэнд монгол хүний авьяасыг таниулахад оршиж байгаа гэж зохион байгуулагчид хэлж байсан. Тиймээс би бүх Монголчууддаа өөрийнхөө зохиосон хөгжмийг танилцуулсандаа, бяцхан шавь нарынхаа ямар мундаг хөгжимчид болохыг харуулсандаа туйлын баяртай байна. Тус нэвтрүүлэгт оролцсоноор хүүхдүүдэд маань маш том итгэл төрсөн. Тэд маань “Урлагийн хүн болно” гэж ярьж байгааг сонсоход сэтгэл их сайхан байдаг.

-“Эгшиглэнт чимээ” хамтлагийнхан одоо юу хийж байгаа вэ. Уран бүтээлээ хийж байгаа юу?

-Бид ирэх дөрөвдүгээр сарын 12-нд Улаанбаатар хотод өөрсдийн бие даасан анхны тоглолтоо хийхээр төлөвлөөд бэлтгэл ажилдаа орчихсон байгаа.

-Өмнө нь та ихэвчлэн бага насны хүүхдүүд байдаг учраас бэлтгэл хийхэд жаахан хэцүү. Зарим эцэг эхчүүд нь ойлгодоггүй, эсэргүүцдэг гэж байсан. Одоо бол эцэг эхчүүд нь дэмждэг болсон биз дээ.

“Эгшиглэнт чимээ” хамтлагийнхан ирэх дөрөвдүгээр сарын 12-нд тоглолтоо хийнэ”

-Тийм шүү. Эцэг эхчүүд маань дэмждэг ойлгодог болсон. Өмнө нь зарим нэг хүмүүс нь тэгдэг байсан. Харин хүүхдүүд нь тоглолт хийгээд, олон түмний хайр хүндэтгэлийг хүлээгээд ирэхээр бүгд дэмждэг, хүүхдээ хүлээн зөвшөөрдөг юм байна лээ.

-Авьяаслаг Монголчуудад түрүүлсний дараа танд хүүхдээ шавь оруулах хүсэлтэй эцэг эхчүүдийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн байх?

-Маш олон хүн хүүхдээ дагуулж ирсэн. Хүүхдүүдээ дугуйланд өгөх гэсэн эцэг, эхчүүд л өмнө нь ханддаг байсан. Тэмцээний дараа хүүхдүүд өөрсдөө хандах болсон. Зарим сургуулиас “Манайд ирж хичээл заагаач” гэсэн хүсэлт ч тавьж байгаа. Мөн ангиараа хичээл заалгая гэсэн хүүхдүүд ч бий. Тэр бүгдэд би “боломжгүй” гэсэн хариу өгөхгүй байхыг хичээдэг. Гэхдээ зарим хүүхдийн хичээл өглөө, нэг хэсгийнх нь өдөр ордог бэрхшээлтэй асуудал бий.

Тэр бүгдийг зохицуулж, анги танхимын хүрэлцээг судлаад болгож л явна даа. Зарим өдөр ангидаа чулуун хөшөө шиг зогсдог болсон. Миний шавь нар хөгжимд их дуртай учир өдөр бүр тэдэнтэйгээ хамт байхыг хичээдэг. Амралтын өдрүүдэд ч ажилтай хүн шиг л эрт гардаг юм. Хүүхдэд урам өгч, ямар чадвартай вэ гэдгийг нь олж мэдэх багш хүний үүрэг. Тэгээд ч би шавь нартайгаа аав, охин, ах дүү шиг л харилцдаг.

-Та одоо яг хэдэн хүүхэдтэй ажиллаж байна вэ. Хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон уу?

-Нэг их өөрчлөлт ороогүй. Манайх 35 хүүхэдтэй байсан. Ар гэрийн шалтгаанаар 2, 3 хүүхэд шилжсэн. Хөгжим бүжгийн сургуулийн мэргэжлийн цохивор хөгжмийн ангид хоёр хүүхэд орсон. Тэгээд дээрээс нь шинэ хүүхдүүд нэмэгдэж ороод одоо 60 гаруй хүүхэдтэй л байна даа.

-Авьяаслаг Монголчууд шоуны ялагч болсноос хойш таны болон таны хүүхдүүдийн амьдралд хэр өөрчлөлт гарсан бэ?

-Юу ч өөрчлөгдөөгүй. Яг хэвээрээ байгаа. Тэмцээнд оролцсон хүүхдүүдийн идэвх нэмэгдсэн. Манай хамтлагт орох хүсэлтэй хүүхэд олон болсон. Биднийг хүмүүс хайрлаж хүндэлдэг болсон. Жишээлбэл, “Хүүхдүүдэд чинь малгай ороолт үнэгүй өгье” гээд нэг хүн утасдаж байсан. “Манайд нэг шил байна. Хаях гэсэн чинь чи хөгжим хийчихсэн тоглож байна. Одоо хаана байна. Аваачаад өгье” гээд нэг хүн авч ирж өгч байсан. Автобус, таксинд суухад “би таниас мөнгө авахгүй. Амжилт хүсье” гээд үнэгүй хүргэж өгч байсан.

-Энд тэндхийн тоглолтод оролцох санал хэр их ирж байна?

-Их олон ирдэг. Гэхдээ тэр болгон 30-40 хүүхдийг нийтийн тээврээр авч яваад байх хэцүү. Учир нь 45 хүний суудалтай тендерийн том автобус хөлслөөд явахаар ирж очихын 900 мянган төгрөг. Замд 35 хүүхдийн хоол, байрлах газар гээд хүндрэлтэй асуудал маш их байдаг. Тиймээс тэр болгон тоглолтод ороод байж чаддаггүй.

-Шоунаас хожсон шагналын мөнгийг юунд зарцуулснаа хуучлаач. Үнэн худал маш олон яриа гадуур цацагдсан шүү дээ.

-Манай хамтлагийн 35 хүүхэд 18 нас хүрээд тус бүртээ 50 сая төгрөгтэй болно. Тодруулбал, банканд хадгаламжийн данс нээгээд мөнгийг нь хийж өгсөн. Мөн шавь нарынхаа эцэг, эх тус бүрт нь 100 мянган төгрөг өгсөн. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, БСШУ-ны сайд тус бүртээ 3 удаа биднийг дуудсан. Тэгэхэд зөвхөн замын зардал 900 мянга, 900 мянга 900 мянга гээд 1.8 сая төгрөг шууд гараад явчихсан. Энэ мэт зүйлд зарцуулагдсан. Тэрнээс биш зарим хүмүүсийн яриад байсан шиг би тэр мөнгийг авч зугтаагүй.

-“Хувь хүн өөрөөсөө 60 сая төгрөг өгөхөөр боллоо” зэрэг шагналын хур буусан мэдээ дуулдаж байсан. Хүмүүс амласан шагналаа өгсөн үү?

-Дурсгалын зүйл өгч, биднийг машинаараа зөөж, хоол унданд оруулж өгсөн хүмүүс олон бий. “Нэг хүн 60 сая төгрөг өглөө” гэсэн мэдээлэл гарч л байсан. Эхэндээ түүнийг “Хүүхдүүдийн авъяасыг үнэлдэг торгон мэдрэмжтэй залуу юм” гэж баярлаж байсан. Гэхдээ одоо болтол өгөөгүй. Гэтэл зарим нэг хүмүүс намайг тэр 60 сая төгрөгөөр юу хийсэн. Бараг чи идээд уучихсан уу. Тэрэндээ хахаж үхээрэй гэх мэт их муухайгаар хэлж байсан. Өнгөрсөн хавар зургаадугаар сард зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний шанаагаа тулаад сууж байгаа зургийг тавиад “С.Жамъянхорол багш 60 сая төгрөгөө хүлээсээр л байна” гээд мэдээ гаргачихсан байсан. Ядаж байтал яг маргааш нь би хот явахаар болоод автобусанд суугаад явж байсан чинь хүмүүс “мөнгөө авахаар явж байгаа юм уу” гэцгээгээд байсан. Надад тэр мөнгийг хүлээж тэгж шанаагаа тулж суусан удаа байхгүй ээ. Гэхдээ хоёрын хооронд тэгж худлаа хэлж өөрийгөө ч, намайг ч эвгүй байдалд оруулж байхаар зүгээр 100 мянган төгрөг өгөөд хүүхдүүдээ баярлуулаад зайрмаг аваад өгчхөөрэй гээд өгсөн бол насандаа мартамгүй их баярлах байлаа.

-Та сайн муу олон зүйл сонссон гэсэн. Таны хамгийн их эмзэглэж хүлээж авсан асуудал юу вэ?

-Түрүүн хэлсэн мөнгөний асуудал л байсан даа.

-60 сая уу, 100 сая уу?

-Аль аль нь. Зарим хүмүүс нь бүр 160 сая төгрөгийг нь би ганцаараа авчихсан юм шиг л юм ярьж байсан. Харин зарим нь мөнгөө булаацалдаад ээж аав нь үсээ зулгаацалдаад, нүүрээ маажилцсан ч гэж ярьж байсан.

-Таныг гавьяаныхаа амралтыг удахгүй авна гэж сонссон. Тэтгэвэрт гарсан ч та сургуульдаа багшлах бодолтой байна уу, эсвэл хувийн дугуйлан нээх санаа бий юү?

-Би ирэх онд тэтгэвэрт гарна. Тухайн үед ямар шийдвэр гаргахаа хэлж мэдэхгүй байна. Манай сургуулиас “Та тэтгэвэрт гарсан ч сургуульдаа багшлаач. Энэ сургуульд “Эгшиглэнт чимээ” хамтлаг байх хэрэгтэй” гэсэн санал тавьсан.

Т.Гэрэл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%