Томуу, томуу төст өвчний дэгдэлт хүйтэн сэрүүний улиралд эрс нэмэгддэг. Манай аймгийн хэмжээнд ч Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг болон хувийн хүүхдийн эмнэлгүүд ачаалал их байна. Тиймээс өнөөдөр /2016.12.19/ аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат тэргүүтэй холбогдох албаныхан Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эмч мэргэжилтнүүдтэй уулзаж, хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн саналыг сонслоо. Тус Хүүхдийн тасагт 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 86 бага насны хүүхэд хэвтэн эмчлүүлж буйгаас 11 хүүхэд хүндэвтэр байгаа бөгөөд 70-80 хувийг 0-2 насны хүүхдүүд эзэлж байна.
Одоогоор эм тарианы хангамж хэвийн байгаа хэдий ч цаашид хүүхдүүдийн өвчлөл нэмэгдвэл эм тариа хомсдох магадлалтай байгаа юм. Тиймээс нэн шаардлагатай эм тарианы төсвийг ЭМГ-аас аймгийн удирдлагуудад яаралтай танилцуулахаар боллоо. Мөн амбулаторийн үзлэгт хүүхдийн эмчээс гадна хувийн хэвшлийн эмч нарыг нэмэлтээр ажиллуулахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн эмч ажилтнуудын эрүүл мэндэд анхаарах, тэдний ажиллах цагийн хуваарийг зөв зохион байгуулахыг аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат ЭМГ-ын удирдлагуудад үүрэг болголоо.
Энэ үеэр иргэд шууд Хүүхдийн тасагт хандан олноор дараалал үүсгэлгүй харьяа өрхийн Эрүүл мэндийн төвөөрөө үйлчлүүлж анхан шатны тусламж үйлчилгээг авах нь чухал байгааг онцолж байв.
Эмч мэргэжилтнүүдийн зүгээс эцэг эхчүүдэд гэр орондоо чийгтэй цэвэрлэгээг хоёр цаг тутамд хийх, ариун цэвэр сайн сахих, олон нийтийн газар онц шаардлагагүй бол бага насны хүүхдийг авч явахгүй байх, амны хаалт хэрэглэж хэвших зэрэг зөвлөмжийг өгч байгаа юм. Иймд эцэг эхчүүд, иргэд та бүхнийг дээрх зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.