Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн удирдлагууд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинарт хамрагдаж байна

2017-01-06

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд боллоо. Тус хурлаар засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох, харилцан мэдээлэл солилцох, Засгийн газрын гишүүд, аймгийн удирдлагууд хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцахаар семинар зохион байгуулж байна. 

Семинарыг нээж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат үг хэлэхдээ, Засгийн газар бүрэн эрхээ бүтэн хэрэгжүүлэх анхны жил эхэлж байна. Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон Засгийн газрын бүтцийн бүх гишүүд, ажилтан албан хаагчид батлагдсан төсөвтөө багтаан үр дүнтэй ажлуудыг харилцан уялдаа холбоотой хэрэгжүүлэхээс гадна, тансаглалаас татгалзаж, төсвийн үрэлгэн зардлыг халахын төлөө үлгэр жишээ ажиллах ёстой гэв.

Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөр боловсруулсан. Хөтөлбөрийн хүрээнд энэ онд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Оюутолгойн далд уурхайн төсөл, Тавантолгойн төсөл, Гацууртын алтны ордны төсөл, Тавантолгойн цахилгаан станц, Дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх зэрэг томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлж байна.

65-аас дээш настай ахмад настнууддаа “Насны хишиг” тэтгэмж олгох, их, дээд сургуульд суралцагч оюутнуудад “Боловсролын зээлийн сан”-аас сургалтын зээл олгох зэрэг хөтөлбөрийг оны эхнээс хэрэгжүүлэх боломжтой боллоо.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр болон 2017 оны төсвөө батлуулан шинэ оныхоо ажилд ороод байна. Эдгээр ажлын үр дүнд бидний үйл ажиллагааны чиглэл, хийх ажлын төлөвлөгөө улам тодорхой болж байна. Мөн салбарын сайд бүртэй гэрээ байгуулж байгаа нь хариуцлагын зарчмыг Засгийн газар улам чангатгаж, сахилга батаа сайжруулахын төлөө хийж байгаа алхам юм.

Энэ онд бидэнд бага зардлаар илүү их үр дүнд хүрэх амаргүй сорилт тулгарч байна. Төсвийн хэмнэлтийг Засгийн газар, орон нутгийн удирдлагууд өөрсдөөсөө эхлэх ёстой. Төсвийн сахилга бат шат шатандаа алдагдсанаас эдийн засгийн хямрал, санхүүгийн зуд нүүрлэсэн. Үүнийг цэгцэлнэ. Хөрөнгө оруулалтын тухай асуудлыг 2017 оны батлагдсан төсвийн хүрээнд ярилцана гэдгийг анхаарах хэрэгтэй гэлээ.

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар хоёр өдөр үргэлжлэх бөгөөд төгсгөлд нь Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хамтран ажиллах тухай гэрээ байгуулж баталгаажуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%