Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан-Уул аймаг БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хоттой хамтын ажиллагааг хөгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

2017-01-18

Монгол улсын Дархан-Уул аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хот хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах зорилгоор Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого, Төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баясгалан, “Халнит” ХХК-ийн захирал Н.Амарбат, “Цайхун” дунд сургуулийн захирал Д.Бямбабаатар, “Шинэ орчин трейд” ХХК-ийн захирал О.Батпүрэв нар 2017 оны 01 дүгээр сарын 13-16-ний өдрүүдэд тус хотод ажлын айлчлал хийлээ. Баотоу-Ланжоу төмөр зам, Баотоу Төмөр, гангийн үйлдвэр 1958 онд ашиглалтад орсноор У Хай хотын хөгжил, бүтээн байгуулалтын их ажил эхэлсэн түүхтэй ажээ. Тус хот нь Хайбован, Вуда, Хайнан гэсэн 3 хошуутай бөгөөд хотжилтоороо БНХАУ-д 4 дүгээрт ордог ажээ. Сайн чанарын коксжсон нүүрс, шаазангийн шавар, цагаан шохой, төмрийн хүдэр, элс болон бусад байгалийн баялагаас гадна соёлын өв ихтэй хот юм байна. Мөн БНХАУ-ын “Уран бичлэгийн хот”, “Говийн баянбүрд”, “Усан үзмийн өлгий нутаг”, “Чулуун хот” хэмээн нэрлэдэг аж. Сүүлийн жилүүдэд У Хай хот нь байгаль экологи, хотын экологи дээр суурилан амьдрахад таатай ногоон орчинг бүрдүүлэх үүднээс нэлээдгүй ажлыг хийжээ. Үүний үр дүнд хотын ногоон байгууламжийн түвшин 42,2%-д хүрсэн бөгөөд Хятадын “Ногоон байгууламжийн загвар хот” хэмээн нэрлэгддэг байна.

 Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй ажлын хэсэг 2017 оны 01 дүгээр сарын 13-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хотын дарга Гао Ши Хун, БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хотын намын дарга Ши Ваньжүнь нартай БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод уулзалт хийж харилцан санал солилцлоо. 2017 оны 01 дүгээр сарын 14-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хотын Орчин үеийн уран бичлэгийн музейтэй танилцлаа. Орчин үеийн уран бичлэгийн урлагийн музей” нь Хятад улсдаа нэгдүгээрт ордог бөгөөд 76 м2 талбайтай, 38 танхимтай ажээ. Олон улсын стандартад нийцсэн 6000 гаруй бүтээлийг байрлуулсан бөгөөд үүнээс уран бичлэгийн зөвлөлдөх зөвлөлийн зэрэглэлд багтсан 140 бүтээл байдаг байна. 1979 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хотод Монгол үндэстний сургууль байгуулагдсан бөгөөд 1997 онд дунд ахлах анги нээгджээ. 2004 онд бага анги нээгдсэн бол 2012 онд Монгол хүүхдийн цэцэрлэг байгуулагдаж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн аж. Тус сургууль нь У Хай хотын хайрын тохой дүүргийн зүүн хойно байдаг бөгөөд нийт 41952 м2 талбайтай юм байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ 500 гаруй сурагчидтай бөгөөд үүнээс 200 гаруй нь монгол хүүхэд суралцдаг аж. 1997 оноос эхлэн Монгол хэл сурах сонирхолтой иргэдэд үнэ төлбөргүйгээр Монгол хэлийг зааж эхэлсэн байна. Тус сургуультай Дархан-Уул аймгийн удирдлагууд танилцаж цаашид хамтран ажиллах багш солилцоог явуулахаар болсон юм. Шар мөрний Хай Бө Ван тохойн ус ашиглалтын газартай Дархан-Уул аймгийн төлөөллүүд танилцлаа. Энэхүү ус ашиглалтын газар нь үерээс урьдчилан сэргийлэх, цахилгаан хангах гол зорилготойгоор байгуулагдсан. Хайбован Шар мөрний төсөл нь үндэсний хэмжээнд томоохон төсөл бөгөөд бүтээн байгуулалт нь 2010 оны 04 дүгээр сард эхэлж 2013 оны 09 дүгээр сараас ус нөөцөлж эхэлсэн байна. Төсөл хэрэгжиж дуусахад 118 км2 хэмжээтэй цэвэр ус бүхий нуур үүссэн байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хот дундуур шар мөрөн урсдаг бөгөөд Өвөр Монголын хэсэгт хянах цорын ганц байгууламж нь энэхүү ус ашиглалтын газар юм байна. Хайравын тохойн аж үйлдвэрийн хүрээлэн нь 1998 онд байгуулагджээ. Уулын, боловсруулах, нүүрсийг угаах, худалдааны гэсэн 4-н бүст хуваагдан хотынхоо дүүргээс 15 км-ийн зайд уг хүрээлэн байрладаг аж. Уг хүрээлэнд нийтдээ 72 аж ахуй нэгж байгууллага хамрагддаг юм байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хотод нүүрс, шаазангийн шавар, цагаан шохой, төмрийн хүдэр, элс зэрэг байгалийн баялаг ихтэй учраас үүнийгээ түшиглэн тус хот эрчимтэйгээр хөгжиж байгаа ажээ. Тухайлбал сайн чанарын коксжсон нүүрс нь ӨМӨЗО-ны нөөцийн 75%-г хангадаг бол цагаан шохойн нийт нөөц 20 тэрбум тн, шаазангийн шаврын нөөц 1,1 тэрбум тн ажээ. У Хай хотын Эх нялхсын эмнэлэг нь 1982 онд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан бөгөөд улсын хоёрдугаар зэрэглэлийн эмнэлэг аж. 2011 оны 11 дүгээр сард Эх нялхсын эмчилгээний төвийг 310 ортойгоор ашиглалтад оруулсан байна. Тус эмнэлэгт 512 эмч сувилагч ажилладаг бөгөөд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан мэргэжлийн өндөр төвшинд эмчилгээ үйлчилгээг иргэдэд үзүүлдэг ажээ. У Хай хотын Монгол Хятад эмнэлэг нь 1987 онд байгуулагдаж 2010 онд Бин Хэ дүүрэг дэх шинэ байрандаа орсон байна. Эмчилгээний 27 тасагтай бөгөөд 450 мэргэжлийн эмчтэй ажээ. Мөн “Эрүүл мэндийн төв”, “Уламжлалт анагаах төв”-д Хятад, Монгол, Европийн уламжлалт эмчилгээний тусгай тасгийг шинээр байгуулан ажиллаж ажиллаж байгаа бөгөөд элэг, цөс, дэлүү, бөөр, бариа засал, зүү төөнүүр, чихрийн шижин, ходоод, уушигны өвчнийг эмчилж байгаа юм байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хотод 2001 онд “Хань Сэнь” архины групп байгуулагджээ. Тус хотод усан үзэм ургах таатай нөхцөлтэй учраас дээд зэрэглэлийн дарсыг үйлдвэрлэх болжээ. Уг үйлдвэр 264 кв,м талбайд усан үзэм тариалдаг бөгөөд жилдээ 10 мянган тн дарс үйлдвэрлэдэг аж. 2006 онд “Хань Сэнь Же Бай На” дарс нь Азийн дарсны чанарын шалгаруулалтын тэмцээнээс алтан медаль, 2007 онд Хятадын олон улсын ойн бүтээгдэхүүний формоос алтан медал авч байжээ. Цаашидаа экологийн цэвэр дарсны үйлдвэрийн цогцолбор байгуулахаар төлөвлөж байгаа аж. 2017 оны 01 дүгээр сарын 16-нд У Хай хотын дэд дарга Лин Тао, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нар найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Талуудын хооронд эрх тэгш, найрсаг, харилцан ашигтай  байх зарчим дээр үндэслэн эдийн засаг, худалдаа, нийгмийн салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжих, хоёр хотын хооронд худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхэд уг санамж бичгийн гол зорилго оршиж байгаа ажээ. 2017 оны 06 дугаар сард У Хай хотын удирдлагууд, Бизнес эрхлэгчидийг Дархан хотод урисанаар энэ удаагийн айлчлал өндөрлөсөн юм. 





 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%