“Дархан төмөрлөгийн үйлдвэр” Хувьцаат компани нь 2016 онд “Уул уурхай металлургийн цогцолбор” цогцолбор төслийн хүрээнд Евро стандартад нийцсэн Ган бөмбөлөгийн үйлдвэр ашиглалтад орууллаа. Ган бөмбөлөгийн үйлдвэр нь давтах технологиор ажиллах анхны бөгөөд хамгийн том, байгаль орчинд ээлтэй орчин үеийн дэлхийн тэргүүлэх технологид суурилсан,бүрэн автомат удирдлага, хяналтын систем бүхий үйлдвэр юм. Үйлдвэрийн үндсэн техник тоног төхөөрөмжийг металл давтаж боловсруулах чиглэлээр дэлхийд тэргүүлэх ХБНГУ-ын Schuler Group нийлүүлжээ.
Ган бөмбөлгийг давталтаар боловсруулдаг давтах арга нь бүтээгдэхүүнийг илүү бат бөх, элэгдэлд тэсвэртэй болгодог бөгөөд гангийн төрөл орц найрлага, боловсруулалт хийж хатуулаг шинж чанарыг нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэх боломжтой. Ган бөмбөлөгийн үйлдвэр нь Дархан-Уул аймагт төдийгүй Монгол Улсын хэмжээнд тэргүүний техник технологи бүхий металл боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж 2016 онд орон нутагтаа “Орон нутгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан хамт олон”-оор шалгаруулсан байна.