Дархан-Уул аймаг ирэх хоёр жилд “Эрүүл Дархан” хөтөлбөрийг төрийн бодлоготой уялдуулж хэрэгжүүлэхээр болжээ.
Энэ тухай аймгийн Эрүүл Мэндийн газрын дарга Б.Батцэнгэл ярихдаа: “Энэ оны нэгдүгээр сарын 18-нд хуралдсан Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанаар “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичиг”-ийг баталсан. Энэхүү баримт бичиг нь “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Эрүүл мэндийн салбарын ойрын арван жилийн хугацааны хөгжлийн зураглал, төлөвлөлтийг багтаасан баримт бичиг болсон. Энэхүү бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор аймаг бүр өөрийн хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ шаардлага, өвөрмөц онцлогийг харгалзаж орон нутагт дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээр болсон учир өнгөрсөн сард Эрүүл Мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн П.Оюунцэцэг ирж аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, Төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбаттай уулзаж ярилцсан. Ингэснээр аймгийн Эрүүл мэндийн талаар баримтлах бодлого чиглэлийг төрийн бодлого, хөтөлбөртэй уялдуулж хоёр жилийн хугацаатай “Эрүүл Дархан” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон юм” гэв.
Тус аймаг нь 2010 онд Монгол Улсын Засгийн газраас зарласан “Эрүүл хот” хөтөлбөрийн үзүүлэлтүүдийг бүрэн хангаж “Эрүүл хот” өргөмжлөл хүртэж байжээ.