Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Др Су Нюунт У-г хүлээн авч уулзалт хийлээ.
Тус аймагт ДЭМБ-ын тусламжаар олон талт төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн гэдгийг суурин төлөөлөгч уулзалтын үеэр онцлов. Тухайлбал: ДЭМБ-аас Дархан-Уул аймагт хэрэгжүүлсэн төслүүд амжилттай хэрэгжсэн нь үндэсний хэмжээнд цаашлаад Олон улсын хэмжээнд “Эрүүл хот” төслийг амжилттай хэрэгжүүлж бусдад үлгэр дуурайлал болсон гэдгийг хэллээ. Хамгийн сүүлд Хөдөлгөөнт эрүүл мэнд буюу Мобил технологид суурилсан Дэлхийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлж энэ хүрээнд 800 гаруй иргэнийг хамруулжээ.
ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюунт У: “Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч миний бие ирэх тавдугаар сарын сүүлээр ажлаа хүлээлгэж өгөх гэж байгаатай холбогдуулж тавдугаар сарын 17, 18-ний өдрүүдэд “Цахим Эрүүл мэнд”-ийн хурлыг 21 аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагуудыг хамруулж зохион байгуулах гэж байна” гэв. Төрөөс Эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг Эрүүл мэндийн чиглэлээр урт, дунд хугацааны хөтөлбөрүүдийг боловсруулж батлуулсан байх учиртай. Тус аймгийн хувьд уг хөтөлбөрөө аймгийн ИТХ-аар батлуулсан нь давуу тал болж байгааг ирэх тавдугаар сарын 17,18-ний өдрүүдэд болох “Цахим Эрүүл мэнд” уулзалтын үеэр танилцуулж ДЭМБ-аас санхүүгийн дэмжлэг авах боломж бүрдэх аж.
Б.Норовсамбуу