“Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хийн хуримтлалыг нэмэгдүүлэх”GCP\MON\008\GFF төслийн үзэл баримтлал, үйл ажиллагааны чиглэл өнгөрсөн хугацаанд хүрсэн үр дүнг танилцуулах “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Дархан-Уул аймагт 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгууллаа.
Тус өдрөөр цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон хамтын хөгжлийн төвийн оролцооны тодорхой ойлголт өгөхийг зорьжээ. Энэ үеэр ойн нөхөрлөлүүд сум дундын ойн ангийн хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, цаашдын зорилт биологийн олон янз байдлын хамгааллын ач холбогдолын талаар мэдлэг мэдээлэл өгөхийг чухалчиллаа.
Дархан-уул аймгийн хэмжээнд нийт ойн бүхий 2 сумын 7 нөхөрлөл төслийн үйл ажиллагаанд хамрагдаж төслийн үр шимийг тодорхой хэмжээнд хүртээд байна.
Тус төсөлд хамрагддаг зорилтод 101 нөхөрлөл Монгол орны 5 аймгийн нутагт экологийн чухал дөрвөн бүс, усны эх бүрэлдэх 10 голын сав газар нутгийн хэмжээнд нийт долоон хувийг хариуцан хамгаалдаг. Бүр тодорхой хэлбэл, Монгол орны хөхтний ангийн 55 зүйл, жигүүртний ангийн 250- иад зүйл, мөлхөгч, хоёр нутагтны ангийн 10 зүйл, загасны ангийн 40 өөд зүйл, шавжийн ангийн 34 багийн 2000 орчим зүйл, дээд буюу гуурст ургамлын ховордсон 100-гаад ургамлын зүйлийн 60 орчим нь энэхүү 101 нөхөрлөлийн хамгаалалтад байна. Энэ нь манай орны төдийгүй дэлхийн биологийн олон янз байдлын хамгаалалд чухал үүрэг гүйцэтгэж байгааг дээрх өдөрлөгийн үеэр онцолж байв.
Энэхүү төсөл нь Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаар дамжуулан дөрвөн жилийн хугацаанд манай улсад хэрэгжих юм.
Монгол Улсын Засгийн газар, БОНХАЖЯ төслөөс хэд хэдэн үр дүн хүлээж буй ажээ. Ойн тогтвортой менежментийн хууль эрх зүйн үндсийг сайжруулах, ялангуяа биологийн олон янзын хамгаалал, ойн нүүрстөрөгчийн хийн менежментийн асуудлыг тусгаж дөнгөж саяхан УИХ-аар баталсан “Төрөөс Ойн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх үе шатны хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхэд оролцох нь төслийн нэг үр дүн аж. Мөн хамтын оролцоотой ойн менежментийг Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул зэрэг аймгийн 84 ойн нөхөрлөлд болон улс орны хойд хэсгийн бүх аймгуудад шинээр дэлгэрүүлж, эдгээр аймгуудын Сум дундын болон сумдын ойн ангиар дамжуулан ойн нөхөрлөлийн дунд хугацааны ойн менежментийн төлөвлөгөөгөө боловсруулж хэрэгжүүлэх ажлыг тус яам, үүний дотор Ойн бодлого, зохицуулалтын газар болон бусад харъяа байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Ойн нөхөрлөлүүдийн мэдээллийн санг газар зүйн мэдээллийн системд оруулж улмаар UN-REDD+ хөтөлбөрийн урамшуулалд хамрагдах боломжийг бүрдүүлэх, Сум дундын болон сумын ойн анги, ойн нөхөрлөл, зарим ойн мэргэжлийн байгууллагуудыг чадавхижуулах, сургалт, мэдээлэл, сурталчилгааны үлгэр жишээ төвүүдийг байгуулах нь мөн төслөөс хүлээгдэж буй үр дүн ажээ.